БНХАУ-ын Макао хотноо “Олон улсын дэд бүтцийн төслийн маргаан шийдвэрлэл ба хууль зүйн үйлчилгээний хоёрдугаар форум”-д оролцлоо
2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын Макао хотноо “Олон улсын дэд бүтцийн төслийн маргаан шийдвэрлэл ба хууль зүйн үйлчилгээний хоёрдугаар форум” амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, барилгын 16 дугаар дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд болж өнгөрсөн юм.
Форумд дэлхийн нэр хүнд бүхий арбитрын байгууллагууд болох SIAC (Сингапур), SHIAC (Шанхай), BAC (Бээжин), CIETAC, болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцож, дэд бүтцийн төслийн хүрээнд үүсэх маргааныг шийдвэрлэх олон улсын туршлага, хамтын ажиллагаа, хууль зүйн үйлчилгээний хөгжил зэрэг асуудлыг хэлэлцэв.
Тус арга хэмжээ нь олон улсын хөрөнгө оруулагчид, хуульчид, арбитрчид, барилгын төслийн менежерүүдийн хувьд салбарын шинэ чиг хандлагыг ойлгох, харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал индэр болж өндөрлөлөө.
Форумд Барилга, дэд бүтцийн олон улсын арбитр Улаанбаатар хотод албан ёсоор байгуулагдсаныг онцлон тэмдэглэсэн байна. Форумд тус арбитрын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Баярсайхан оролцлоо.